хоёр бүсгүй хоржоонтой үг хэлэлцэн сууна.
инээд алдаж маасганана. тэр хоёр өнөө орой уйдсандаа, ийнхүү өвөр зуураа хэлэлцэхэд хашиг-чин ярихаас өөр аргагүй, дуу шуугиан ихтэй, хүн хөл болсон газар иржээ.
бас ч үгүй дээд зэрэглэлд багтах тохижилт сайтай нэгэн pub-д тийнхүү хоёр, ганц бие бүсгүйчүүд элдвийг ярилцан сууна......
юун дээр ч тогтож эс чадах нүд орчинг зогсоо зайгүй гүйлгэж харснаа, амьдралд нь байхгүй ямар нэгэн зүйлийг эрж хайх мэт....бүхнийг ажиглана.
том ягаан шилтэй бүсгүй хоёр гараараа ширээг тохойлдож, мөнөөх хоёртой зэрэгцэн сууж буй эрчүүд рүү албаар шахуу анзаарагдахаар харна. ялимгүй тонгосхийгээд эргэн, тэрхүү эрчүүд рүү ахин харна. харц мөргөлдөх үед эелдэгхэнээр, уриалагханаар инээвхийлнэ. нүдний шилтэй бүсгүй гадуур хувцсаа тайлалгүй суух ба орж ирээд удаагүй гэвэл тийм хэрэг биш юм. түүний өмссөн хувцас нь саарал өнгөтэй, хар хөх дөрвөлжин судалтай богино пальто ажээ. дэргэд нь суугаа нөгөө бүсгүй нь өндөр нуруутай баймаар, биерхүү агаад, нэг л ихэмсгээр гар хурууг хөдөлгөн, бүхийл зүйлд залхаж, ядсан байртай хөдөлж, хандах ажээ...
тэдний ширээн дээр хэн нэгний явуулсан хоёр хундага вино ирэхээс өмнө, бүсгүйчүүд элдвийг хамж шимэн ярилцаж, амьдрал учралын тухай хүүрнэнэ. яг энэхэн мөчид тэр хоёр бүсгүй бүхийл орчлонгийн зөв бурууг зоргоор хэлэлцэн, бүгдийг үнэн худал, буруу зөв гэсэн ганцхан хэмжүүр тавьж хоёр тийш санаа нэгтэйгээр зааглах ажээ....
тэдний амьдрал, асуудал бэрхшээл гэж, хоолой багалзуурдаж амьсгал боогдуулах зүйлгүй хангалуун ажээ. гагцхүү тэдний бусдыг хийгээд ер орчин тойрныг үнэлэх үнэлэмж нь хэт өндөрссөн гэхээсээ гажсан гэмээр болжээ....
учир нь байнга шахуу эргэж харах дэргэд суугаа хоёр боловсон эрээс бусдыг ярихдаа, бүгдийг үл тоомсорлох дүр төрхийг байнга үзүүлж нэгнийгээ инээлгэхээр байдалтайгаар тайлбарлан хэлэлцэж, бас ч үгүй энэ янз нь өөрт нь таалагдаж буй янзтай инээлдэнэ.
тэдний нүд болон сэтгэл нь дэндүү бодит, дэндүү хатуу шудраг бус гэж амьдралыг үздэг үзэл бодол шигээ бүүдгэр сүүмэлзэн харагдах нь, тамхины утаа болон уусан виноны үйлчилгээтэй огтхон ч хамаагүй юм.
энэ үед хаалга алгуурхнаар онгойж намар оройн жавар, уур савсуулан хэн нэгэн үүл манантай хамт орж буй нь тэр хоёрын хэн хэнийх нь нүдэнд тусаж, бүсгүйчүүдийн яриа түр зогслоо....
мөнөөх хоёр бүсгүйн сууж буй ширээний хажууд байрлах шалнаас тааз хүртэл үргэлжлэх том шилэн цонхны цаад талаас, байшингуудын ёроолоор сүүдэр даган байрлах шинэхэн цасан ширхэг, шаргал навчис салхины аясыг даган хөөрч цонхийг зөөлнөөр илбэж, ажмаар цонхыг даган доош бууна. гадна байдал тэр цонхны гэрэл тусах тэрхэн хэсгээс бусад зүйлс харагдахгүй гүн харанхуй ба ганцаардлын хүйтэн шөнө ноёрхох ажээ.
харин цонхны дотор талд ялимгүй цантаж, нарийн усан дуслууд бөнжигнөнө.
хоёр бүсгүй нэг нь ууж байсан аа аягалах зууртаа, шилэн ширээн дээр хүчтэй дэлсэж тавьснаас, жижиг ногоон лонхтой шар айраг хөөсрөн, сагаж асгарна.
тэдний анхаарал тэрхүү хаалгаар орж ирсэн нэгэнд бүрэн төвлөрч, алхааг нь дагуулан алгуурхнаар мөнөөх бүүдгэр нүднүүд ер бусын гэрэлтэн хөдөлнө.
.........................................
бичлэг